Элэгний хатуурал буюу цирроз өвчний талаар ойлголт өгөх 8 зүйл
Элэгний цирроз бол элгэнд гэмтсэн эсүүд эрүүл эсийн орыг эзлэх явдал бөгөөд удаан хугацаанд аажмаар бий болдог өвчин юм. Арга хэмжээ авахгүй байвал өвчтэй эсүүд элгийн үйл ажиллагааг зогсоох талтай бөгөөд гэмтсэн эсүүд эрүүл эсүүдийн орыг эзлэхэд элгэн дэх цусны урсгалыг хаан улмаар нөхцөл байдлыг хүндрүүлдэг байна.
Монголчуудын дунд элэгний цирроз буюу хатуурал өвчлөл их байгаа ч өвдөх зовиур байдаггүйгээс өвчтөнүүд ихэвчлэн хэнэггүй явж байгаад хүндрэхээр л эмчид ханддагаас эрсдэлтэй байдалд хүрдэг. Элэгний хатуурлыг нэг төвшинд барих, гэнэтийн хүндрэлээс сэргийлэх нь чухал болж байна. Хэдийгээр өвдөх, хүндүүрлэх зовиур илрэхгүй ч элэгний хатуурлын хүндрэл нь хүнийг үхэлд хүргэх аюултай байдаг.
Элэгний хатуурлаа зөв хянаагүй, эмчлээгүйгээс хавдар руу шилжих тохиолдол их байдаг. Хатуурлыг хавдарт шилжүүлэхгүй байх боломж сүүлийн үед нээгдсэн хэдий ч Монголчуудын хувьд нийт хавдартай хүмүүсийн 55 хувь төгсгөлийн шатандаа оношлогдож байна. Хэрхэн сэргийлэх вэ?
1. Шинж тэмдэгүүд
Эхний шатуудад илэрдэггүй ч гэмтсэн эсүүд хуримтлагдсанаар элэгний хэвийн ажиллагаанд гажилтууд гарч ирдэг. Дараах шинж тэмдэгүүд илэрдэг:
Хэвлийн дээд хэсгээрх нарийн судаснууд тодорч харагдана.
Сульдаж ядрах
Нойргүйдэх
Арьс загатнах
Хоолны дуршил буурах
Турах
Дотор муухайрах
Элэг байгаа газар хөндүүрлэх
Гарын алга толботох
Элэгний цирроз идэвхжих үед дараах шинж тэмдгүүд илэрнэ:
Зүрхний цохилт хурдсах
Зан аашинд өөрчлөлт гарах
Биеийн жин алдах
Алкоголийн төрлийн зүйл боловсруулахдаа хүндрэлтэй байх
Ойлгох үйл явц удаашрах
Тэнцвэрээ алдан унах гэж байгаа юм шиг болох
Хаван үүсэх
Үс унах
Арьс болон нүдний цагаан хэсэг шарлах
Мартамхай болох
Ойр ойрхон халуурах
Булчингаар хөндүүрлэх
Хамраас цус гарах
Баруун мөр өвдөх
Өтгөн хар өнгөтэй болох
Шээсний өнгө өтгөн болох
Алхах, хөдлөхөд хэцүү болох
Элэг нь судсаар баялаг эрхтэн юм. Элэгнээс гарч байгаа судас нь ходоод, улаан хоолой болон дэлүү рүү холбогдсон байдаг. Элэг хатуурч, үйл ажиллагаагаа ганцаараа зохицуулж явсаар сүүлдээ зохицуулж чадахаа больж холбоотой байгаа судаснууд руу ачааллаа өгч эхлэхэд эхлээд улаан хоолойн венийн судас ачааллыг хүлээн авч, тодорхой хугацааны дараа өргөсдөг. Үүний дараа дэлүү рүү ачаалал өгсөнөөс болж дэлүүний хэвийн хэмжээ томордог. Элэг сорвижиж, жижгэрч, хатуурахын хэрээр цөсний сувгууд дарагдаж, цөсний замын дутмагшил үүсэх хүндрэл үүсдэг.
Эрүүл элэг болон циррозтой элэг харьцуулсан байдал
Улаан хоолойн венийн судасны үрэвсэл нь элэгний хатууралтай өвчин амь насаа алдаж болох хамгийн том эрсдэл юм. Улаан хоолой өргөсч, судас ачааллаа даахаа болиод ирэхээр цус алдаж амь насаа алддаг.
2. Эмчилгээ
Хэрэв цирроз хангалттай эрт илэрвэл шалтгаануудыг нь эмчилсэнээр учруулж болох эрсдлийг багасдаг.
Согтууруулах ундааны хамаарлаас эмчилэх: Хэрэв элэгний цирроз өвчин нь удаан хугацааны согтууруулах ундааны тогтмол хэрэглэснээс болсон бол өвчтөн яаралтай согтууруулах ундаа хэрэглэхээ болих хэрэгтэй. Эмч согтууруулах ундааны хамаарлаас гаргах эмчилгээ санал болгодог.
Гепатит B болон С вирусээс шалтгаалсан элэгний эсийн гэмтлийг хяналтандаа авахын тулд эмэн эмчилгээ хийдэг.
Венийн судсан дахь даралтыг хяналтандаа авах: Венийн судсан дахь өндөр даралтын уршгаар элгийг цусаар хангадаг венд цус хуримтлагдах боломжтой байдаг. Эм хэрэглэснээр ихсэх хандлагатай байгаа цусны даралтыг бууруулдаг.
Хэрэв өвчтөн цусаар бөөлжих эсвэл цусархаг өтгөн гаргавал улаан хоолойн судасны өргөсөл байж болзошгүй бөгөөд өргөссөн судаснуудыг боох арга хэмжээ авдаг. Боох арга амжилттай болбол хоёр сарын дараагаас улаан хоолойн үрэвссэн хэсгүүд эдгэх боломжтой байдаг.
Мөн улаан хоолойн судас өргөссөнийг дагаж ходоодны судас өргөсдөг. Энэ тохиолдолд тариа тарьж, тухайн өргөссөн хэсгийг түлж, сорвижуулаад дахин өргөсөхгүй болгодог. Энэ чиглэлийн эмчилгээг өвчтөн, эмч аль аль нь зөв хийвэл хэвийн амьдрах хугацаа уртсах боломжтой. Эдгээр эмчилгээ хийлгэснээр элэгний хатуурлаас үүдэлтэй венийн судаснаас цус алдаж нас барах эрсдлийг бууруулах боломжтой.
Ходоод болон улаан хоолойн цус алдалтыг тогтоохын тулд гуурс тавьж хийлэх арга мөн байдаг.
Архины хэрэглээгээ үргэлжлүүлэх болон өвчтөн өндөр настай байх зэрэг тохиолдлууд нь элэгний циррозтой хүмүүст нас барах магадлалыг нэмэгдүүлдэг.
3. Үе шат
Эхэн үе
Дунд үе
Өвдөлттэй үе
Эмч нар циррозыг үр нөлөөг нь бууруулж болох болон болохгүй гэж бас ангилдаг. Буулгаж болох цирроз нь гэмтсэнийг үл харгалзан элэг хэвийн ажиллах боломжтой байдаг бол, боломжгүй цирроз нь хэвийн ажиллахад хүнд байдаг бөгөөд энэ нь хүндрэх шалтгаан болдог.
4. Шалтгаанууд
Нийтлэг тохиолддог шалтгаанууд нь:
Согтууруулах ундааны удаан хугацааны хэрэглээ
Гепатит B болон C вирусын халдвар
Элэг орчмын таргалалт
Хорт бодис
Удамших
Токсин буюу хортой бодис тэр дундаа согтууруулах ундаа нь элгийг гэмтээдэг. Их хэмжээгээр хэрэглэснээр элэг хэт ачаалалтай ажилласнаар эсүүд нь гэмтдэг.
Эрүүл хүнтэй харьцуулахад их хэмжээгээр тогтмол согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс элэгний циррозоор өвдөх нь их байдаг.
Гепатит В болон С вирусын өвчлөлтэй байх нь элэгний циррозын бас нэг гол шалтгаан болдог.
Архины бус шалтгаант элэгний өөхжилт үрэвсэл. Эрт үедээ элгэнд их хэмжээний өөх хуримтлагдсанаар эхэлдэг. Энэхүү өөхжилт нь үрэвсэл, сорвижилт гэх зэргээр цаашид цирроз үүсгэх шалтгаан болдог. Энэ нь цусан дахь өөх тосны хэмжээ өндөртэй, цусны даралт өндөртэй, илүүдэл жинтэй, диабеттэй хүмүүст элбэг тохиолддог.
Эрүүл элэг / өөхжилттэй элэг / циррозтой элэг
5. Зарим генетикийн онцлогууд
Циррозод хүргэж болдог зарим удамшлын онцлогууд байдаг. Үүнд:
Гемохроматоз: элгэнд болон биеийн бусад эрхтэнд төмөр хуримтлагдах.
Вилсоны өвчин: элгэнд болон биеийн бусад эрхтэнд зэс хуримтлагдах.
Цөсний замын бөглөрөл
Цөсний замын хавдар, нойр булчирхайн хавдар зэрэг зарим өвчин болон өөрчлөлтүүд нь цөсний замыг хааснаар цирроз үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Бид-Киари (Bud-Chiari) хам шинж
Энэхүү өөрчлөлт нь элэгнээс цус зөөвөрлөдөг элэгний вен дэх цус бүлэгнэлтийн өөрчлөлтөөс үүдэлтэй. Энэ нь элэг томрох болон нэмэлт судсууд үүсэхэд хүргэдэг.
Зарим өвчлөлүүд болон өөрчлөлтүүд мөн цирроз үүсэхэд нөлөөлдөг. Үүнд:
Уйланхайт өөрчлөлтүүд
Цөсний замын анхдагч өөрчлөлтүүд
Зарим бодисын солилцооны өөрчлөлтүүд г.м.
6. Оношлогоо
Циррозын эхний үед шинж тэмдэг маш бүдэг байдаг. Ихэвчлэн өвчтөн өөр өвчин эмгэгийн үед шинжилгээ хийлгэхэд цирроз оношлогддог. Дараах шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй:
Халуурах
Амьсгал давчдах
Цустай бөөлжих
Өтгөн хар гарах
Ухаан санаа самуурах
Дараах шинжилгээнүүд оношийг бүрэн батладаг:
Цусны шинжилгээ: элэгний үйл ажиллагааг тодруулна.
Зурган шинжилгээнүүд: хэвлийн эхо, компьютер томографи, MRI-аар элэгний томрол, сорвижилт, зангилаа зэргийг тодруулна.
Биопси: Микроскопоор элэгний эсийг шинжилж цирроз болон түүний шалтгааныг тодруулдаг.
Дуран: дуран болон гэрэлтэй гуурсаар эмч ходоод, улаан хоолойг дурандаж циррозын нэг шинж болох улаан хоолойн судасны өргөслийг хардаг.
7. Хүндрэлүүд
Асцит болон хаван үүсэх: циррозын үед хэвлийд шингэн хуримтлагдаж, хөлөөр хаван үүсдэг. Энэ үед давсыг хязгаарлах болон хаван хөөх, усыг шимэгдүүлэх эмчилгээ хийдэг. Зарим тохиолдолд хэвлийн усыг хатгалт хийж соруулдаг. Мөн зарим тохиолдолд мэс засал эмчилгээ хийдэг.
Үүдэн венийн даралт ихсэлт болон улаан хоолойн судас өргөсөх: ходоод, улаан хоолойн венүүд өргөсч цүлхийдэг. Тэдгээр нь дэлүүнээс элэг рүү цусыг зөөвөрлөгч үүдэн венийн даралтыг нэмэгдүүлдэг. Варикоз хагарсанаар цус алдалтын шалтгаан болдог.
Элэгний энцефалопати: элэгний шүүх үйл ажиллагаа алдагдаж, хордлогын хэмжээ ихэссэнээр хүний ухаан санаа самуурдаг.
Элэгний эсийн хавдар: энэ нь элэгний хавдрын хамгийн нийтлэг хэлбэр бөгөөд дэлхий дахинаа хавдрын өөрчлөлтийн 3-т ордог.
Элэг уушгины хам шинж: эмч нар үүнийг элэгний өвчлөл, уушги болон хэвлийн судаснуудын хийн солилцоон дахь хавсарсан өөрчлөлт гэдэг. Энэ нь элэг шилжүүлэн суулгахаар хүлээж буй хүмүүсийн нас баралтын түвшинг өсгөдөг.
Цус бүлэгнэлийн өөрчлөлт: Циррозын үед цус бүлэгнэлтэнд өөрчлөлт ордог бөгөөд энэ нь их хэмжээний цус алдалтанд хүргэдэг.
8. Урьдчилан сэргийлэлт
Цирроз өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд архины хэрэглээг хэтрүүлэхгүй байх нь чухал. Архи нь өвчний явцыг хурдасгадаг учираас циррозтой өвчтөнүүд архинаас эрс татгалзах хэрэгтэй.
В вирусын халдвар авах магадлалтай эрүүл мэндийн ажилчид, нийгмийн тусламж үзүүлэгчид, цагдаагийн ажилчид вакцинд хамрагдах хэрэгтэй.
Цирроз тодорхой үе шатанд хүрсэн тохиолдолд эмчилж, сэргээх боломжгүй болдог тул урьдчилан сэргийлэлт нь шилдэг эмчилгээ юм.
Вирус дамжих замуудаас байнга өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
Эмнэлгийн багаж, зүү, тариур, мэс ажилбарт орох, шүд янзлуулахдаа нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байна уу эсвэл найдвартай, чанартай газар хандаж байгаа эсэхдээ байнга анхаарал тавьж байх ёстой.
Сүүлийн үед В,С вирус бэлгийн замаар халдварлах эрсдэл байгаа учраас энэ тал дээр анхаарах хэрэгтэй.
Архи дарсны өндөр хэрэглээ, эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзах ёстой.
Эмийг эмчийн хяналтанд нь хэрэглэх. Элгийг гэмтээдэг хамгийн эхний бүлгийн эмэнд өвчин намдаах, үрэвслийн эсрэг эм ордог. Бидний сайн мэдэх парацетамол, аспирин, ибупрофеноос эхлээд нэлээд эм энэ бүлэгт орно.
Эдгээр эм элэгний хамгаалах чадварыг бууруулж задлаад элгэнд хордлогын гаралтай үрэвсэл үүсгэдэг. Эмийн зохисгүй хэрэглээг маш сайн бодолцож, эмчийн хяналтанд эм хэрэглэх нь чухал байна.
Хэвлийн таргалалтыг бууруулж, байнгын дасгал хөдөлгөөнтэй байх.
Элэгний өөхжилттэй хүмүүсийн эмчилгээний судалгаанаас харахад эм уулгахаас илүү хэвлийгээрээ турсан өвчтөний өөхжилт багассан байсан. Тиймээс элэгний үйл ажиллагаа хэвийн ч өөхжилт өндөр байгаа өвчтөнүүдэд хөдөлгөөн хийхийг санал болгож байна.
Элэг гэлтгүй бүх биеийн илчлэгийг шатаадаг, биеийн булчинг зэрэг ажиллуулдаг дасгал бол алхах юм. Хэвлийгээр турах хэрэгтэй гэхээр зарим нь эм хэрэглэх, фитнесст яваад гэнэт 10-20 кг турдаг. Энэ нь эргээд дотор эрхтэнд сөргөөр нөлөөлж өвчлөл үүсч эхэлдэг. Тиймээс гэнэт турах биш 1-2 жилийн хугацаанд аажим, аажмаар турах нь хамгийн эрүүл зөв арга юм.