Гепатит Б-ийн талаар таны мэдвэл зохих зүйлс
Манай орны хувьд жилд дунджаар 2500 хүн элэгний өвчлөлөөр нас барж байгаа бөгөөд тэдгээр өвчлөлд нөлөөлж байгаа нэг чухал нөхцөл нь элэгний Гепатит Б вирусын өвчлөл тул түүний талаар хүн бүр тодорхой хэмжээнд мэдэж байвал зохистой байна.
Элэгний Гепатит Б-ийн өвчлөл гэдэг нь Гепатит-Б вирусын (ГБВ) халдвар авахыг хэлдэг. Ер нь бол вирусын халдвар авсанаас хойш 6 сар хүртэл хурц халдвар гэх бөгөөд энэ хугацаанд аяндаа эдгэрч болно. Хэрэв энэ хугацаанаас хойш шинжилгээгээр вирусын халдвартай хэвээр байвал цаашид элэгний хатуурал (манайхан цирроз гэдэг), элэгний хорт хавдар болон хүрдэрч, архаг хэлбэртэй болох бөгөөд цаашид насан туршдаа энэхүү вирусыг тээн амьдрах болно.
Энэ вирус нь дэлхийн хэмжээнд тулгарсан гол эрүүл мэндийн асуудлуудын нэг бөгөөд тоо баримт харж үзвэл 2015 онд ГБВ-тэй холбоотойгоор үүссэн элэгний өвчлөлөөр 887,000 гаруй хүн нас барсан байх юм. Манай улсын нийт хүн амын дунд ГБВ-ийн халдвар 11.8 хувьтай, элэгний хорт хавдрын шалтгааны 35 хувь нь Б вирусээс үүдэлтэй байгааг судлаачид тогтоосон байдаг юм байна.
Гэхдээ ГБВ нь ихэнхдээ насанд хүрэгчдэд ямар нэгэн гэмтэл үүсгэхгүй богино хугацааны өвчлөл үүсгээд хүний дархлалын системээр аяндаа эдгэрдэг бол 2-6 хувь нь цаашид хорт хавдар болон хүндэрч архагшдаг онцлогтой. Харин вирусын халдвар авсан нярайчуудын 90 хувьд нь архаг халдвар үүсдэг юм.
ГБВ-ийг төгс эмчлэх эмчилгээ байхгүй боловч хүний дархлалын систем халдварлахаас сэргийлж чаддаг бөгөөд архаг халдвартай үед вирусын эсрэг эмчилгээгээр явцыг нь удаашруулан, цаашид тархахаас сэргийлдэг.
Гепатит Б-ийн талаар товчхон
Гипатат Б нь цус болон бусад биеийн шингэнээр дамждаг вирус.
Зарим хүнд богино хугацааны шинж тэмдэг илэрдэг бол заримд нь архагшиж, улмаар үхлийн аюулд ч хүргэх хүндрэл үүсгэдэг.
Дэлхий дахинаа 2 тэрбум хүн буюу 3 хүн тутмын 1 нь энэхүү вирусээр өвчилсөн бөгөөд 257 сая хүний хувьд архаг хэлбэрт шилжсэн гэж тооцоолсон байдаг.
ГБВ-ийн халдвар нь “чимээгүй халдвар”-т тооцогддог тул элэгний өвчлөлийн эцсийн шатны шинж тэмдэг илэртэл мэдээгүй, эмчлүүлэхгүй явах тохиолдол олон байдаг.
ГБВ нь гадаад орчинд 7 хүртэл хоног амьдрах чадвартай.
Монгол улс 1991 оноос эхлэн бүх нярайчуудыг ГБВ-ийн эсрэг вакцинд хамруулж эхэлсэн.
Гепатит Б гэж юу вэ?
Гепатит Б нь ноцтой уршиг дагуулж болох вирусын түгээмэл халдвар юм. ГБВ элгэнд халдварлаж, үрэвсэл үүсгэдэг. Халдвар авсан хүнд шинж тэмдэг илрэхгүйгээр “чимээгүй” халдварлаж, элгийг гэмтээж байдаг бөгөөд бусад хүнд мөн түгээж байдаг.
Зарим хүмүүст ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй бол заримд нь халуурах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ч ханиадтай андууран өнгөрдөг байна.
Шалтгаан
Гепатит Б вирус нь цус болон биеийн шингэнд илэрдэг. Энэхүү вирус үрийн шингэн, үтрээний шингэн болон цусаар дамжиж халдварлах бөгөөд хүүхэд төрүүлэх үед халдвартай эхээс нярайд халдварлаж болдог. Тариурын зүүг дахин дамжуулан ашиглах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох зэрэг нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг.
ГБВ-ийн халдвар нь дэлхийн бүс нутгуудад янз бүрийн тархацтай байдаг бөгөөд хүмүүс түгээмэл тархацтай бүс нутгаар зорчих үедээ халдвар авах тохиолдол их байдаг. Манай орны хувьд өндөр тархацтай бүс нутагт хамаардаг.
Халдвар
Гепатит Б нь вирусээр халдварласан хүний цус, үрийн шингэн болон бусад биеийн шингэн халдвар аваагүй хүний биед орох үед халдварлана. Арьсан дээрх ил шарх, тарианы зүү дамжуулан хэрэглэх, эсвэл биеийн шингэн солилцох үед халдварлаж болно.
Халдварлаж болох тохиолдлууд:
Сахлын хутга, шүдний сойз зэрэг ариун цэврийн хэрэгсэл дундаа хэрэглэх.
Шивээс хийлгэх үед эрүүл ахуйн нөхцөл бүрдээгүй үед,
Тариур, зүү болон бусад эмнэлгийн тарилгын хэрэгсэл дамжуулан хэрэглэх үед,
Бэлгийн харилцааны үед,
Хүүхэд төрүүлэх үед халдварласан эхээс хүүхдэд,
Эмнэлгийн ажилчдын хувьд өөрийгөө хамгаалах хэрэгсэл зохих журмын дагуу хэрэглэхгүй байх, хурц үзүүр, иртэй эмчилгээний зүйлийг бие биендээ буруу байдлаар дамжуулах зэргээс үүдэн халдвар авах эрсдэлтэй байдаг учир няхуур ажиллах нь зүйтэй.
ГБВ нь хүнс, ус, гал тогооны хэрэгсэл хамтран ашиглах, хөхөөр хооллох, тэврэлдэх, үнсэлцэх, хөтлөлцөх, ханиалгах, найтаах, шавжаар хазуулах зэрэгт дамждаггүй. Гэхдээ биеийн гадаргууд 7 хүртэл хоног амьдрах чадвартай учир энэ хугацаанд вирус вакцинаар хамгаалагдаагүй хүний биед орвол халдвар үүсгэх чадвартай тул вакцинд идэвхтэй хамрагдах хэрэгтэй.
Шинж тэмдэг
Ихэнх халдвар нярайд юмуу бага насны хүүхдэд тохиолддог. Зарим тодорхой шинж тэмдэг илэрдэг боловч энэ үед бараг л оношлогддоггүй. 5 нас хүрээгүй хүүхдүүд эсвэл дархлалын систем сайн насанд хүрэгчдэд анх халдвар авах үед ихэнхдээ шинж тэмдэг нь мэдэгддэгүй. 5-аас дээш настай хүмүүсийн 30-аас 50 хувьд нь дараах шинж тэмдгүүд илэрдэг байна:
Халуурах,
Үе мөчөөр өвдөх,
Ядарч сульдах,
Дотор муухайрах,
Бөөлжих,
Хоолны дуршил буурах,
Гэдэс өвдөх,
Шээс өтгөрч, хар өнгөтэй болох,
Өтгөн үнсэн цэнхэр өнгөтэй болох,
Арьс болон нүдний цагаан шарлах,
Хурц шинж тэмдгийн үед вирус биед нэвтэрснээс 60-120 өдрийн дараа илрэх бөгөөд энэ нь хэдэн долоо хоногоос 6 сар хүртэл үргэлжилнэ. Архаг ГБВ-ийн халдвартай хүмүүст байнгын гэдэсний өвчин, тогтмол ядаргаа, үе мөчний өвчин илэрч болдог.
Оношлох
Цусны шинжилгээгээр хурц болон архаг ГБВ-ийн халдварыг оношилдог. ГБВ-ийн өндөр эрсдэлтэй эсвэл оношлогдоогүй ГБВ-ийн архаг халдвартай хүмүүс сорил тавиулж болно.
ГБВ-ийн халдвартай эхээс төрсөн нярай хүүхэд,
Халдвартай хүний бэлгийн хамтрагч,
Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсон эсвэл олон бэлгийн хамтрагчтай хүмүүс,
Эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаатай эрэгтэй хүмүүс,
Тариураар мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс,
Архаг ГБВ-ийн халдвартай хүнтэй нэг гэрт амьдардаг хүмүүс,
Эрүүлийг хамгаалахын болон онцгой байдал, түргэн тусламжийн ажилтнууд цус болон цусаар бохирдсон шингэнтэй харьцдаг мэргэжилтэй хүмүүс,
Гемодиализ (бөөрний үйл ажиллагаа муудсаны улмаас цусаа цэвэршүүлэх аппаранд ордог) хийлгэдэг өвчтөн,
Хавдрын эсрэг химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүс,
ГБВ-ийн тархац ихтэй бүс нутгаар зорчсон хүмүүс,
Жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг багтана.
Хэрэв ГБВ-ийн халдвартай эх жирэмсэн болбол шинэ төрсөн хүүхдэд төрснөөс хойш 12-оос 24 цагийн дотор вакцин хийж, гипатит Б-ийн эсрэг дархлалын глобулин (ГБДГ) хийдэг.
Эмчилгээ
Хурц ГБВ-ийн халдварын эсрэг тухайлсан эмчилгээ, эдгээх арга, эм тариа байхгүй. Шинж тэмдгээс хамаарч шинж тэмдэг бууруулах, дэмжих эмчилгээ хийдэг.
Халдвар авсан байж болзошгүй үед авах арга хэмжээ
Халдвартай байж болзошгүй цус болон биеийн шингэнтэй харьцсан хэн бүхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болно.
Энэ нь хурц халдвар үүсэхээс өмнө ГБВ-ийн эсрэг вакцин болон ГБДГ хийлгэх юм. Хэдийгээр үүгээр үүссэн халдварыг эдгээхгүй боловч хурц халдвар үүсэх цаашлаад архаг халдвартай болох магадлалыг бууруулдаг.
Архаг ГБВ-ийн халдварын эмчилгээ
Архаг ГБВ-ийн халдварын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу вирусны эсрэг эмчилгээ хийдэг. Энэхүү эмчилгээгээр халдварыг төгс эдгээхгүй боловч вирусыг үржихийг зогсоож, элэгний өвчлөл болж хүндрэхээс урьдчилан сэргийлдэг.
ГБВ-ийн архаг халдвартай болсон хүмүүст элэгний хатуурал, элэгний хорт хавдар маш хурдтай, мэдэгдэхгүйгээр үүсдэг. Зарим тохиолдолд хавдрыг оношлосноос хэдхэн сарын дотор үхэлд ч хүргэх аюул байдаг.
ГБВ-ийн архаг халдвартай хүмүүс 6 сар тутамд тогтмол эрүүл мэндийн оношилгоонд орж, элэгний эхо хийлгэж, элэгний гэмтэл, өвчлөлөө хянуулж байх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх
1982 онд анх ГБВ-ийн вакциныг гарган авсан. Энэхүү вакцин нь 3 цуврал тарилга хийлгэх шаардлагатай байдаг. Эхний тунг төрсний дараа хийдэг бол дараагийн тунг 1 сарын дараа, сүүлийнхийг 2 дахь тунгаас 8 сарын дараа хийдэг.
Манай орны хувьд ГБВ-ийн вакциныг 1991 оноос хойш бүх хүүхдэд хийж эхэлсэн. Хэрэв түүнээс өмнө төрсөн бол та Халдварт өвчин судлалын үндэсний төвд сайн дураарай вакцин хийлгэх бүрэн боломжтой.
Доорхи хүмүүс вакцин хийлгэвэл зүгээр:
Өмнө нь вакцин хийлгэж байгаагүй хүүхэд болон өсвөр насныхан,
Бүх эмнэлгийн ажилчид,
Албан үүргээ гүйцэтгэх үедээ цус болон цусан бүтээгдэхүүнтэй харьцдаг хүмүүс,
Диализ хийлгэдэг өвчтөн болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөн,
Нийтийн байранд оршин суугчид болон түүний засвар үйлчилгээний ажилчид,
Мансууруулах бодис хэрэглэгчид,
ГБВ-ийн халдвартай өвчтөнтэй хамтран амьдрагчид болон бэлгийн харилцаатай хүмүүс,
Олон бэлгийн хамтрагчидтай хүмүүс,
ГБВ-ийн тархац өндөртэй бүс нутгаар аялахаар явах гэж буй хүмүүс.
Цуврал вакциныг бүрэн хийлгэсэн хүмүүсийн 95 хувьд нь вирусын эсрэг бие үүсдэг. Вирусын эсрэг хамгаалалт доод тал нь 20 жил үргэлжлэх бөгөөд ерөнхийдөө бол амьдралын туршид халдвар авахгүй байдаг.
Бусад урьдчилан сэргийлэх алхмууд:
Эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хүмүүс зохистой хамгаалалтын хэрэгсэл өмсөх,
Тариурын зүү дамжуулан хэрэглэхгүй байх,
Бэлгийн аюулгүй харилцааг эрхэмлэх,
Цусны дусал болон хатсан цусыг цэвэрлэхдээ бээлий өмсөж ахуйн хэрэглээний цайруулагчийг 1:10 хэмжээгээр усаар шингэрүүлэн, түүгээр угаах.
Хэдийгээр эмнэлгийн ажилтнууд нь ГБВ-ийн эрсдэл өндөртэй боловч вакцин хийлгэснээр халдвараас үр дүнтэй хамгаалж чадна. Тиймээс бүгдээрээ өөрсдийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж амьдарцгаая.