Элэгний С вирусын талаар мэдвэл зохих 9 зүйл
Элэг бидний идсэн хоол ундыг хэрэгтэй энерги болон тэжээл болгохоос гадна мөн цусан дахь хорт бодисыг гадагшлуулж биеийг хоргүйжүүлдэг тул чухал эрхтэн юм.
1. Элэгний С вирус гэж юу вэ?
С вирусаас үүдсэн элэгний үрэвслийг С вируст хепатит буюу элэгний С вирус гэх буюу элгэнд бий болдог гэмтэл юм.
С вирус нь элгэн дэх эс рүү довтлон гэмтээдэг. А болон Б вирусын эсрэг вакцин байдаг боловч С вирусын эсрэг харамсалтай нь байдаггүй.
Манай орны хувьд арван таван хүн тутмын нэг нь С вирусаар халдварласан байгаа нь дэлхийн дунджаас 6 дахин өндөр үзүүлэлттэй байна.
Элэгний С вирус нь бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр, мэс заслын үед болон зүү тариураар ихэнхдээ халдварладаг.
Хэрэв вирус 6 сарын дотор эдгэрэхгүй бол архаг шатандаа ордог бөгөөд ингэсэн тохиолдолд системтэй эмчилгээ хийж байж л эдгэрэх боломжтой байдаг. Архаг С вирусыг бүрэн эмчлэхгүй бол цаашдаа нь элэгний хатуурал, хавдар болон элэгний дутагдал зэрэг өвчлөлд хүргэх аюултай.
Энэ нийтлэлээр С вирусын шинж тэмдэг, шалтгаан, эдгээх аргуудын талаар дурдах болно.
2. Хепатит С вирусын талаар товч
Хепатит С вирус бол элэгэн дэх вирусын халдварт өвчин бөгөөд цочмог болон архаг хэлбэртэй байдаг.
С вирусаар өвчилснөөр дотор муухай оргих, ядарч сульдах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, баталгаагүй зүү тариур хэрэглэх зэрэг нь халдвар авахад хүргэдэг.
3. Шинж тэмдэг
Өвчлөлийн эхний шатанд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Удсан тохиолдолд хүндэрч өвддөг.
Цочмог хэлбэрийн С вирус
Шинж тэмдэг бараг илэрдэггүй болохоор энэ үед С вирус нь ховор илэрдэг. Энэ үед илэрдэг дундаж хугацаа нь 4-15 долоо хоног байдаг.
Илрэх шинж тэмдэгүүд нь:
Гэдэс хөндүүрлэх
Дотор муухай оргих
Халуурах
Сульдах ядрах
Нүдний цагаан болон арьс шарлах
4. Архаг хэлбэрийн С вирус
Халдвар авснаас хойш Вирус цусанд 6 сар байсан тохиолдолд архаг хэлбэрийн хепатит С вирус болдог.
Ихэнх тохиолдолд архаг хэлбэрийн С вирусд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Зарим нэг тохиолдолд хэвлийгээр өвдөх, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
25-30 жилийн дараа архаг хэлбэрийн С вирус нь нэлээд шархалсан байх бөгөөд элэг тэр чигээрээ шархалсан тохиолдолд элэгний хатуурал, элэгний хавдарт хүргэдэг.
Халдвар авсан хүний эрүүл мэндийн байдал болон элэгний байдал зэрэг нь тухайн хүнийг ямар хугацаанд элэгний цирроз өвчлөлд хүрэхэд нөлөөлдөг.
Архаг хепатит С вирустай үед пегинтерферон, рибавирин болон совальди гурвын хавсарсан эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Элэгний С вирусын халдвартай хүмүүс элэгний хавдрын шинжилгээ өгөх болон А, В вирусын эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй.
5. Өвчлөлийн шалтгаан
Хепатит С вирусын халдвар нь цусаар дамждаг халдвар юм. Вирус нь элэгний эс хүртэл идэвхгүй байдаг бөгөөд элэгний эсийн тусламжтайгаар өөрийгөө хувилдаг. Архаг хэлбэрийн С вирус нь сая, тэрбум хувилсан вирусээс тогтдог.
Халдвартай хүний цус халдваргүй хүний биед орсноор халдварладаг. С вирусын халдвар авах хамгийн том эрсдэл нь нэг удаагийн бус зүү тариур хэрэглэх явдал юм.
Халдвар нь энгийн харилцаанаас буюу шүлс, амьсгал, хоол унд, шумуулын хазалт зэргээс халдварладаггүй.
Хэрэглэсэн зүүнд хэрэв вирус байгаа бол спиртээр цэвэрлэх, савандах зэрэг ямарч байдлаар цэвэрлэсэн вирусыг бүрэн устгаж чаддаггүй.
Вирус хэрэв хүний биед орсон л бол халдварлах боломжтой. Тариураар бий болсон халдвар нийт тохиолдлын 67 хувийг эзлэдэг байна.
Дараах тохиолдлууд хамгийн их эрсдэлтэй гэж үздэг.
Гемодиализ хийгэж байсан хүмүүс
Мэс засал, хануур, төөнүүр зэрэг арьс салст гэмтээх ажилбар хийлгэж байсан хүмүүс
Нэг удаагийн бус зүү тариур хэрэглэсэн хүмүүс
Халдвартай зүү тариуртай ажиллаж байсан эмнэлгийн ажилчид
Шивээс хийлгэсэн болон чихээ цоолуулж байсан хүмүүс
Хепатит С вирусын халдвартай эхээс төрсөн хүүхэд
Тохиолдлын бэлгийн харилцаанд хамгаалалтгүй орсон бол
Удаан хугацаанд өдөр тутам согтууруулах ундаа хэрэглэж байсан
Дээрх шалтгаанаар эрсдэлтэй байж болох хүмүүс эмчид хандах хэрэгтэй.
6. Оношлох
Хепатит С вирусын халдвартай эсэхийг цусны шинжилгээгээр оношлодог. Түүнчлэн элэгний С вирустай хүмүүсийн элэг хэр гэмтснийг элэгний биопси буюу элэгний эдийн дээж шинжилгээгээр тодорхойлдог.
Халдвар нь цочмог хэлбэрийн өвчлөлийн үед илрэх тохиолдол цөөхөн байдаг.
С вирусын халдвараар өвчилсөн хүний дархлааны систем вирусыг устгаж чадах магадлал 20 хувьтай байдаг ба үлдэх 80 хувь нь архаг хэлбэрт шилждэг.
7. Эмчилгээ
С вирусын эмчилгээ нь вирусыг биеэс зайлуулах эмчилгээ байдаг. Хийгдэх эмчилгээ болон хугацаа нь вирусын генотип төрлөөс шалтгаална. 1а төрөл нь хамгийн өргөн тархсан төрөл бөгөөд хэд хэдэн эмчилгээ байдаг. Шууд зогсоох - Энэ нь вирусын хувилах үйл ажиллагааг нь зогсоох зорилготой эмчилгээ.
Шууд зогсоох арга байгаагүй үед архаг хэлбэрийн вирусын эмчилгээ нь урт хугацаанд хийгддэг байсан бөгөөд эмчилгээний эдгэрэх хувь бага байсан бол одоо эдгэрэлтийн хувь нь 90 хувьтай байна. Эдгэрэлтийн хугацаа нь 8-12 долоо хоног байдаг.
8. Урьдчилан сэргийлэх
С вирус нь цусаар дамждаг болохоор хамгийн тэргүүний урьдчилан сэргийлэх арга бол нэг удаагийн зүү тариур хэрэглэж занших явдал юм. Хэрэв вирусээр өвчлснөө мэдсэн тохиолдолд хепатит А болон В вирусын эсрэг вакцинд аль алинд нь хамрагдаж элэгний эрүүл мэнддээ анхаарах амьдралын зөв хэмнэлд шилжих хэрэгтэй.
Таргалалт, диабет, архи тамхины хэрэглээ элэгэн дэх шархыг хурдасгадаг. С вирустэй хүн дараах байдлаар эрүүл мэнддээ анхаарал хандуулбал зохино:
Эрүүл зөв хооллох
Дасгал хийх
Тамхинаас гарах
Хэвийн жинтэй болох
Архинаас татгалзах
Элэгний эмчид тогмол үзүүлж байх
9. Дүгнэлт
Элэгний С вирусын халдвартайгаа мэдэхгүй, тоохгүй удаан хугацаанд явсанаас хүндэрвэл үхэлд ч хүргэж болзошгүй өвчин юм. Сүүлийн үед эмчилгээ сайн болж эдгээх боломжууд нэмэгдэж байна. Эмчилгээний төлбөр их байдаг тул тогтмол хяналттай байж амьдралын зөв хэв маягтай байх нь урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм.