top of page

Нойр булчирхайн үйл ажиллагаа, түүнд тулгардаг асуудлууд


Нойр булчирхайн үйл ажиллагаа,  түүнд тулгардаг асуудлууд

Нойр булчирхай нь хоол боловсруулах ажиллагаанд оролцож инсулин болон идсэн хоолыг задалдаг гормон (даавар), фермент, энзим (эсийн доторх химийн урвалыг хурдасгах үйл ажиллагаа явуулдаг уургийн молекул) зэргийг ялгаруулдаг.

Нойр булчирхайнаас ялгарсан зарим шүүрэл нь цусны урсгалд шууд ордог тул дотоод шүүрлийн үүрэг, зарим нь гуурсаар дамжин хоол боловсруулах системд ордог тул гадаад шүүрлийн үүргийг мөн гүйцэтгэдэг.

Гадаад шүүрлийн хувьд ферментүүд буюу хоол боловсруулах шүүрэл нь нойр булчирхайнаас ялгарч нарийн гэдсэнд ороод тэнд буй ходоодноос боловсроогүй үлдсэн хоолыг цааш задалдаг.

Нойр булчирхайнаас инсулин даавар ялгарч цусанд орох бөгөөд тэнд бие дэх глюкоз болон саахарын хэмжээг зохицуулж байдаг. Энэхүү инслулиний удирдах үйл ажиллагаанд алдаа гарвал чихрийн шижин өвчинд хүргэдэг.

Нойр булчирхайн үрэвсэл болон нойр булчирхайн хорт хавдар нь нойр булчирхайд тулгардаг гол өвчлөлүүд юм.

Нойр булчирхайн талаар товчхон

  • Нойр булчирхай нь хоол боловсруулах болон глюкозын хэмжээг удирдах үүргийг гүйцэтгэдэг.

  • Нойр булчирхайтай холбоотойгоор үүсдэг гол өвчлөлүүд нь чихрийн шижин болон хорт хавдар юм.

  • Нойр булчирхайгаа эрүүл байлгахын тулд эрүүл хоолны дэглэм барих хэрэгтэй.

Онцлогууд

Нойр булчирхай нь 15-аас 20 см урт, хэвлийн хөндий хэсэгт байрладаг бөгөөд ихэнх хэсэг нь ходоод болон нарийн гэдэсний эхний хэсэг болох 12 хуруу гэдэстэй холбогдож, хэвлийн хөндийн баруун талд байрладаг. Энэ хэсэгт дутуу боловсорсон хоол ходоодноос нарийн гэдсэнд шилжихдээ нойр булчирхайнаас ялгарсан шүүрэлтэй холилддог байна.

Нойр булчирхайн нарийссан хэсэг нь хэвлийн хөндийн зүүн талд, дэлүүний хажуу уруу сунан тогтдог. Нойр булчирхайн дагуу байрласан гуурс нь хэд хэдэн жижиг салаа гуурсаар булчирхайн эдтэй холбогддог. Энэхүү гуурсын төгсгөл нь элэгнээс ирж байгаа цөсийг 12 хуруу гэдэс уруу дамжуулдаг мөн ижил гуурстай холбогддог.

Нойр булчирхайн 95 хувь нь гадаад шүүрэл буюу хоол боловсруулалтанд туслах фермент боловсруулдаг бөгөөд өдөрт 1 литр орчим ферментийг ялгаруулдаг.

Үлдсэн 5 хувь нь хэдэн зуун мянган Лагерхансын арал /нээсэн хүнийхээ нэрээр нэрлэгдсэн/ гэж нэрлэгддэг дотоод шүүрлийн эсүүдээс тогтоно. Энэхүү усан үзэм шиг хэлбэртэй эсийн бөөгнөрөл нь цусны саахарын хэмжээг зохицуулдаг чухал дааврыг үйлдвэрлэдэг.

Үйл ажиллагаа

Нэгдүгээрт эрүүл нойр булчирхай нь бидний идсэн хоолыг боловсруулах химийн бодис үйлдвэрлэдэг. Энэхүү гадаад шүүрлийн эдүүд нь хэд хэдэн төрлийн фермент агуулдаг тунгалаг, усархаг, шүлтлэг шүүс ялгаруулах бөгөөд тэр нь хоолыг гэдсэнд шингээгдэхээр жижиг молекул болгон задална.

Ферментийн агуулга нь:

  • Уургийг боловсруулах трипсин болон кямотрипсин гэх бодис,

  • Нүүрс усыг задлах амилаза гэх бодис,

  • Өөх тосыг тосны хүчил болон холесторол болгон задлах липаза гэх бодис

Хоёрдугаарт дотоод шүүрлийн хэсэг буюу Лагерхансын арал нь инсулин болон бусад дааврыг ялгаруулдаг. Цусан дахь саахарын хэмжээ ихэссэн үед нойр булчирхайн бета эсүүд инсулин ялгаруулндаг.

Инсулин нь доорх байдлаар цусан дахь саахарын хэмжээг буулган хэвийн болгодог:

  • Глюкозыг цуснаас булчинд болон бусад биеийн эдүүдэд зөөвөрлөх бөгөөд түүнийг нь тэнд нь энерги болгон ашигладаг.

  • Элэг глюкозыг шингээн авахад тусалдаг бөгөөд гэнэтийн ачааллын үед биед энерги хэрэгтэй болох үед хэрэглэхээр глюкоген байдлаар хадгалдаг.

Цусан дахь сахар багасахад нойр булчирхайн алфа эсүүд глюкагон гэх даавар ялгаруулах бөгөөд тэр нь элгэн дэх глюкогенийг глюкоз болгон задалж, улмаар цусны урсгалд орон цусан дахь саахарын хэмжээг хэвийн болгоно.

Өвчлөл

Нойр булчирхайд үүссэн асуудал бүх биед нөлөөлдөг чухал эрхтэн юм. Жишээ нь хэрэв нойр булчирхай хангалттай хоол боловсруулах фермент ялгаруулаагүй бол хоол зохистой шингээгдэхгүй учих жин алдалт, суулгалт өвчинд хүргэнэ.

Цусан дахь глюкозын хэмжээг тохируулах үүрэгтэй Лагерхансын арал нь хэт бага инсулин ялгаруулбал чихрийн шижин тусах эрсдлийг өндөрсгөж, цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэнэ.

Нойр булчирхайн үрэвсэл

Нойр булчирхайн үрэвслийн үед хэвлийн хөндийгөөр өвдөнө.

Нойр булчирхайн үрэвсэл гэж нойр булчирхайд үүссэн хурц эсвэл ужгирсан үрэвсэл, шархлааг хэлэх бөгөөд цаашлаад хоёрдагч чихрийн шижинг үүсгэдэг. Шархлаа нь нойр булчирхайн үндсэн гуурс цөсний чулуу эсвэл ямар нэгэн хавдраар хаагдсан үед үүсэж болно.

Энэ үед нойр булчирхайн шүүрэл нь нойр булчирхайд хуримтлагдаж нойр булчирхайгаа гэмтээдэг. Улмаар нойр булчирхай нь өөрөө өөрийгөө хоол боловсруулж байгаам шиг шингээж эхэлдэг.

Нойр булчирхайн үрэвсэл нь мөн гахайн хавдар, цөсний чулуу, гэмтэл авах, архи, стеройд болон эмийн хэрэглээ зэргээс болж үүсч болно.

Нойр булчирхайн хурц үрэвсэл нь хэдийгээр ховор тохиолдох боловч тохиолдсон үед яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Шинж тэмдгүүд:

  • Хэвлийн хөндийн хэсгээр хүчтэй өвдөх, хөндүүрлэх, хавагнах,

  • Дотор муухайрах болон бөөлжих,

  • Халуурах,

  • Булчингаар өвдөх,

Яаралтай үед ерөнхийдөө шингэн нөхөх болон өвчин намдаах эмчилгээ хийдэг. Өвчтөн эхэндээ хоолны дуршилгүй болох боловч хэрэв үрэвсэл хөнгөн байвал харьцангуй хурдан буцаад хоол идэж эхэлнэ. Цаашлаад өвчлөл хүнд бол мэс засал хийх шаардлагатай болох тохиолдол байдаг.

Архаг үрэвсэл нь нойр булчирхайн хурц үрэвсэл олон давтагдах, нөхөн төлжих боломжгүй гэмтэл үүсгэсэн үед тохиолддог. Архаг үрэвслийн хамгийн түгээмэл шалтгаан нь согтууралах ундааны хэт их хэрэглээ бөгөөд голдуу дунд насны эрчүүдэд тохиолддог байна.

Шинж тэмдгүүд:

  • Хэвлийн хөндийн дээд хэсгээр болон ард хэсгээр байнгын өвдөлт өгөх,

  • Жин алдах,

  • Суулгалт,

  • Чихрийн шижин,

  • Хөнгөн шарлалт,

Удамшсан нойр булчирхайн үрэвсэл нь нойр булчирхай болон бүдүүн, нарийн гэдсэнд удамшлаас үүдэлтэй ямар нэгэн асуудал байгаа бол мөн үүсэж болно.

Байнгын гэмтэл хүртлээ үргэлжилсэн байдлаар бага багаар хүндэрдэг. Энэ тохиолдолд тухайн хүн хүчтэй өвдөлт, суулгалт, тэжээлийн дутагдал болон чихрийн шижинээр өвдөж болно. Алдсан ферментийг нөхөж, өвдөлтийг хянах эмчилгээ хийлгэх хэрэгтэй бөгөөд эрсдэл бүхий өвчтөн генетикийн шинжилгээ өгч болно.

Нойр булчирхайн хавдар

Нойр булчирхайд үүсдэг хавдрын нарийн шалтгааныг тодорхойлж чаддаггүй боловч тамхи болон согтууруулах ундааны хэт хэрэглээтэй холбоотой байдаг. Бусад эрсдэлт хүчин зүйлүүд:

  • Чихрийн шижин,

  • Архаг нойр булчирхайн үрэвсэл,

  • Элэгний өвчлөлүүд,

  • Ходоодны халдвар,

Шинж тэмдгүүд:

  • Хавдар мэдрэлийн судлыг шахахад үүсэх хэвлийн дээд хэсгийн өвдөлт,

  • Арьс болон нүд шарлах, шээс өтгөрч хүрэн бор өнгөтэй болох,

  • Хоолны дуршил алдагдах, дотор муухайрах, бөөлжих,

  • Жин ихээр алдаж, ядарч сульдах,

  • Өтгөн өнгөгүй эсвэл үнсэн саарал болох бөгөөд их хэмжээний тос өтгөнтэй хамт гарах

Хорт хавдар хүнд шатандаа ортол илэрдэггүй бөгөөд илэрсэн үед эмчилгээ хийхэд оройтсон байдаг. Нойр булчирхайн өвчлөлийн цаашдын явцыг таамаглах боломж харьцангуй доогуур байна.

Ихэнхдээ мэс засал, химийн эмчилгээ, туяаны эмчилгээг дангаар нь болон хавсарч хийх бөгөөд өвчин, зовиурыг багасгах зорилгоор хөнгөвчлөх эмчилгээг хийдэг.

Манай орны хувьд энэхүү өвчин нь эрчүүдэд зонхилон тохиолдож буй хавдрын 6-рт, эмэгтэйчүүдэд 10-рт бичигдэж байгаа бол анх оношлогдсоноос хойш зөвхөн 18.7 хувь нь л 5-аас дээш жил амьдарч байна.

Чихрийн шижин

1-р төрлийн чихрийн шижин нь дархлалын системийн үүдэлтэй өвчин юм. Дархлалын систем нь нойр булчирхай дахь бета эсүүд уруу довтолж тэдгээрийг устгаж эхэлснээр тэдгээр нь цаашид инсулин боловсруулах боломжгүй болж энэ өвчин үүсдэг. Нарийн шалтгаан нь тодорхойгүй хэдий ч генийн болон вирус зэрэг орчны хүчин зүйлүүд нөлөөлдөг гэж үздэг.

2-р төрлийн чихрийн шижин нь биеийн булчин, өөх, элэгний эсүүд глюкозыг боловсруулах боломжгүй болсон үед үүсдэг. Нойр булчирхай үүнд нэмэлт инсулин ялгаруулах байдлаар хариу үйлдэл үзүүлэх бөгөөд гэвч тодорхой хугацааны дараа хангалттай инсулин ялгаруулах чадваргүй болно. Тэгээд бие дахин глюкозын хэмжээгээ зохицуулж чадахгүй болдог.

Бусад тулгарч болох өвчлөлүүд:

  • Нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдал: Нойр булчирхай хангалттай хэмжээний фермент ялгаруулахгүй байх.

  • Нойр булчирхайн уйланхай: Хэрэв хорт хавдрын эрсдэлтэй бол мэс заслын аргаар авч болно.

  • Нойр булчирхайн шингэний бөөгнөрөл: Олон төрлийн шалтгаанаас болж үүсэх бөгөөд өвдөлт, халуурал үүсгэнэ.

  • Золингэр-Элисоны синдром: Гастинома гэх хавдар нойр булчирхай болон 12 хуруу гэдсэнд үүсдэг.

Нойр булчирхайгаа эрүүл байлгах

Зохистой хоолны дэглэм баримталж, тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь нойр булчирхайг эрүүл байлгах үндэс юм.

Шингэний хэмжээгээ хангалттай хэмжээнд барих нь эрүүл нойр булчирхайтай байхад чухал үүрэгтэй.

Мэргэжилтнүүд нойр булчирхайгаа эрүүл байлгахын тулд доорх дэглэмийг баримтлахыг зөвлөдөг.

  • Өдөрт 20 граммаас илүү хэмжээний өөх тос хэрэглэхгүй байх.

  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх.

  • Шингэний хэмжээгээ барихын тулд хангалттай ус уух.

2017 оны 2-р сард хэвлэгдсэн амьтан дээр хийсэн судалгаанаас үзвэл мацаг барих нь нойр булчирхайг дахин ажиллаж эхлэхэд нөлөөлж, чихрийн шижинтэй хүмүүст туслаж болохоор байна.

Мацаг гэж ерөнхийдөө энгийн үеийнхээс маш бага калорийн хэрэглээгээр олон хоног байхыг хэлдэг.

Эмч нар нойр булчирхайн үрэвсэлтэй хүнд ижил арга хэрэглэхийг зөвлөдөг. Үзэмний шүүс, хар шөл, цэлцэгнүүр, алим болон аньс зэргийг агуулсан тунгалаг шингэнээр 1 эсвэл 2 хоногийн мацаг барихыг зөвлөдөг.

Мацаг нь эрүүл байхад хангалттай тэжээлийг өгч чадахгүй учраас мацгийн дараа хүмүүс тэжээллэг хоол идэж тэжээлийн дутагдлаа нөхөж авах хэрэгтэй. Гэхдээ ТА мацаг барихын өмнө ЗААВАЛ эмчтэй уулзаж, зөвлөгөө авна уу.

Онцлох нийтлэл
Сүүлд нэмэгдсэн
Архив
Сэдэвүүд
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
Холбоотой нийтлэл
bottom of page